Мэндчилгээ

Манай цахим хуудсаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.

Шинэ тутам хөгжиж буй оюуны спортын нэг болох Шооны спорт нь манай оронд үүсч хөгжөөд төдий хугацаа өнгөрөөгүй ч олон сонирхогч, гишүүдтэй болж тамирчид маань дотооддоо төдийгүй олон улсын тэмцээн уралдаанд идэвхтэй оролцон амжилт гаргаж эхэллээ.

Нэгэнтээ XX зууны шилдэг тоглоомоор нэрлэгдэж өнөөдөр оюуны спорт болтлоо хөгжсөн “Рубик” шоо сонирхогч, хичээллэгч болон тамирчдын тоо дэлхийд хэдэн мянгаар тоологдон шооны төрөл олон арваар нэмэгдсэнээс гадна тус спортыг өөрийн орондоо дэлгэрүүлж буй улс орны тоо 100 гаруйд хүрээд байна.

Монголын Шооны Холбоо нь хүн амын дунд шооны спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг өргөнөөр татан оролцуулах, тэдний оюун ухааныг хөгжүүлэх, төрөл бүрийн тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулах, чансаа тогтоох, тамирчдыг спортын амжилтыг дээшлүүлэх, Дэлхийн Шооны Холбооны үйл ажиллагаанд Монголын талын идэвхитэй оролцоог хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар бэлтгэлээ хангаж байна.

Цаашид тус холбоо нь шооны спортыг хөгжүүлэхэд идэвхи зүтгэл, санаачилга гарган, үндэсний хэмжээний тэмцээний тоог нэмэгдүүлэн, олон улсын болон тив, дэлхийн тэмцээн уралдаануудад баг тамирчдаа бэлтгэн оролцуулж, тэдний амжилтыг ахиулахын төлөө ажиллах болно.

Та бүхнийг шооны спортыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцохыг уриалж байна.

Хүндэтгэсэн,
Монголын Шооны Холбооны тэргүүн,
Дэлхийн Шооны Холбооны төлөөлөгч
Х.Хатанбаатар